Ах дүү арав асгарсан их авьяасаараа Монголын рок попын ертөнцийн нэр нүүрийг өндөрт өргөж ирсэн, түүн дундаа “Хурд” хамтлаг 25 жилийн ойгоо тохиолдуулан 21 аймагт үнэ төлбөргүй тоглолт хийх гэж буй мэдээг хүн бүр ойрмогхоноос авч эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр үдээс хойш хур дагаж, Хурд хамтлагийг Хэнтий аймагт айлчилхад орон нутгийн удирдлагууд, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, ОБГ, Нийгмийн даатгалын хэлтэс, ШШГГ, Аймгийн Биеийн тамир, спортын газрын төлөөллүүд, ард иргэд хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой “Хайртай” Соён Гэгээрлийн Аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, эзэн Чингис хааны өлгий нутгаас албан ёсоор эхэлж буй нь энэ юм.
“Хурд” хамтлагийн соло гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр “Бид 25 жил урлагт зүтгэлээ. “Хайртай” соён гэгээрлийн аяныг эхлүүлэх санааг хамтлагийн гишүүд гаргасан. Манай хамтлаг сүүлийн 10 жил орон нутгаар аялан тоглолт хийгээгүй. Тиймээс энэ удаагийн тоглолтоо аяны хэмжээнд зохион байгуулж байна. Аяныг МУ-ын Засгийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд, аяныг дэмжиж, ёслол төгөлдөр тосож авсан Хэнтий аймгийн удирдлагуудад талархсанаа илэрхийллээ”.
“Хайртай” аяныг зохион байгуулагчид маргааш хуулийн байгууллагынхны дунд “Эр хүний ноён нуруу” сэдэвт уулзалт, дунд ахлах ангийн сурагчид, залуучуудын дунд “Хөвгүүдийн уулзалт”, эцэг, эхчүүдэд “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сургалтыг тус тус зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн оройн 19 цагаас Хан Хэнтий чуулгын уран бүтээлчдийн тоглолт, үргэлжлээд Хурд хамтлагийн “Эх орны хийморь” цэнгүүн Чингисийн талбайд болох тул хэнтийчүүдийг өргөнөөр хүрэлцэхийг ирэхийг урилаа.