“Галшар адууны баяр-2019” Эвент үргэлжилж байна
  • 2019.07.21 - 1970.01.01

Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс хэд хэдэн эвент арга хэмжээ уламжлал болгон зохион байгуулж ирсний нэг нь Галшар адууны баяр юм. Өнөөдөр /2019.07.21/ Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх “ЧИНГИС БРЭНД” дэд хөтөлбөрийн хүрээнд “ГАЛШАР АДУУНЫ БАЯР-2019” наадмыг их хүлэг шинжээч Хардэл жанжин бэйс Өвгөн ноён М.Пүрэвжавын шөрмөсөн чулуут довон дээр зохион байгуулж байна.

Морьтны жагсаал, Хурдан морины уралдаан, үндэсний бөхийн барилдаан, Галшар үүлдэрийн адууны үзэсгэлэн худалдаа, “МОНГОЛ ХҮҮ” бага наадам, Сайхан наадамчин шалгаруулах ёслол зэрэг монгол ахуй, баяр наадмын зан заншлыг хосолмол байдлаар харуулахдаа одоогоос 120 гаруй жилийн тэртээгээс Сэцэн хан аймгийн Хардэл жанжин бэйсийн хошуунд шилмэл омог болгон үржүүлж ирсэн, 2016 онд үүлдрийг нь баталгаажуулсан Галшар адууны соёлтой өвөрмөц байдлаар нэгтгэн харуулж олон нийтэд хүргэдгээрээ энэхүү эвент онцлогтой.

Тус наадам аймгийн Засаг дарга Н.Ганбямбын ивээл дор зохион байгуулагддаг. Наадмын нээлтийн үеэр тэрбээр Хардэл жанжин бэйсийн хүчин зүтгэлээр Монголд шилмэл омгийн адуу үүссэнийг онцлон тэмдэглээд Хөдөө аж ахуйн их сургуулийн мал аж ахуйн эрдэмтэд Галшар адууг 2011-2016 оны хооронд нарийвчлан судалсан. Энэ судалгаагаар Галшар адууны галбир бие, цогцос, физиологийн онцлог, генетикийг голчлон судалж, үүгээрээ хурдлах чадвараараа бусад нутгийн адуунаас илүү байгааг тогтоосон, улмаар Галшар үүлдрийг баталгаажуулсан гэдгийг дуулгалаа. Мөн жил бүрийн долдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт зохиогддог “ГАЛШАР АДУУНЫ БАЯР” нь цаашдаа БОАЖЯ-ны графикт орж, аялал жуулчлалыг татах улсын хэмжээний эвент болж буйг онцолж, нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Уг наадмын Соёолон насны морьдын уралдааны магнайд Баянмөнх сумын н.Эрдэнэболдын зээрд, аман хүзүүнд Дархан сумын н.Баярхүүгийн бор халзан, Айрагт Галшар сумын Баянбадрал багийн Сумъяабазарын хонгор халзан, Сангийн Далай багийн Э.Батжаргалын зээрд, Оч багийн П.Даваадандарын сартай хонгор соёолон тус тус хурдаллаа. Хурдан дааганы уралдаанд түрүү магнайд Галшар сумын Оч багийн М.Эрдэнэбилэгийн хар даага, аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын н.Насантогтохын зээрд, айрагт Галшар сумын Оч багийн П.Даваадандарын шарга, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын О.Нэргүйн хар будан даага, Галшар сумын Оч багийн Ю.Батсуурийн шарга даага тус тус айргийн 3, 4, 5-т хурдлав.

Энэ жилийн “ГАЛШАР АДУУНЫ БАЯР-2019” наадмыг Хэнтий аймгийн ЗДТГ, Галшар сумын ИТХ, ЗДТГ, “ХАРДЭЛ БЭЙСИЙН УНАГА” уяачдын холбооноос зохион байгуулсан бөгөөд дэмжигчээр аймгийн ХХААГ, БОАЖГ, АДБ-ийн Хан Хэнтий чуулга, “Сэцэн ханы хүлэг” МСУХ, Хасу мегаватт ХХК-ийн захирал, аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ж.Түмэн-Аюуш нар оролцжээ. Нээлтийн үеэр 100 шахам морьтны жагсаал боллоо. Тус арга хэмжээнд оролцож, үзэж сонирхохоор 700 гаруй хүн хүрэлцэн ирсэн нь өмнөх жилүүдээс өргөжин, хамрах хүрээгээ тэлснийг зохион байгуулагчид онцолж байна.

Зургийн цомог