“Ёохор хатар-2019” ардын урлагийн наадмын шилдгүүд тодорлоо
  • 2019.09.13
Ардын уламжлалт урлагийг төрийн ивээлд байлгаж, тэдгээрийг судлах, сургаж эзэмшүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, соёлын өв тээгчдийг тодруулан алдаршуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Буриад зоны эртний уламжлалт бүжгийн “Ёохор хатар 2019” Ардын урлагийн наадмыг Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ, ЗДТГ, “Батширээт Хөгжил Сан” ТББ-аас долдугаар сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.

Ардын уламжлалт урлагийг төрийн ивээлд байлгаж, тэдгээрийг судлах, сургаж эзэмшүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, соёлын өв тээгчдийг тодруулан алдаршуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Буриад зоны эртний уламжлалт бүжгийн “Ёохор хатар 2019” Ардын урлагийн наадмыг Хэнтий аймгийн  Батширээт сумын ИТХ, ЗДТГ, “Батширээт Хөгжил Сан” ТББ-аас долдугаар сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.

Буриад зоны уламжлалт тойрон бүжиг Ёохор наадмыг 2014 оноос санаачлан зохион байгуулсан бөгөөд дөрөв дэх удаагийн наадамдаа Буриадын Хатар бүжгийн төрлийг нэмэгдүүлж, хоёр жилд нэг удаа зохион явуулах болсноороо онцлогтой. Наадмын ерөнхий ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, БСШУСЯ, Хэнтий аймгийн ЗДТГ оролцсон бөгөөд олон улсын чанартай тус наадамд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын тойрог, Могойтын район, Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорнод аймгийн Дашбалбар, Баян-Уул сум, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адрага, Дэлгэрхаан, Батноров, Батширээт сум, Өмнөдэлгэр сумын Гурванбаян тосгоноос нийтдээ 12 хамтлагийн 300 гаруй ардын авьяастнууд оролцож, Буриад ардын уламжлалт болон орчин үеийн бүжгийн төрлөөр өрсөлдлөө.

“ЁОХОР ХАТАР-2019” наадмын шилдгийн шилдэг “Гранпри” шагналын эзнээр Хэнтий аймгийн Батширээт сумын “Тоонот” хамтлаг шалгарч, өргөмжлөл цом, 3 сая төгрөгийг Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаас гардан авлаа.

Наадмын уламжлалт бүжгийн төрлийн тэргүүн байранд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Могойтын Районы “Улаалзай” хамтлаг, Дэд байранд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын тойргоос оролцож буй “Түмэн жаргалан” хамтлаг, гуравдугаар байрт Улаанбаатар хотын “Ёохор Хатар” хамтлаг, тусгай байранд Хэнтий аймгийн Норовлин сумын “Мөнгөн Долгион 2” хамтлаг тус тус шалгарлаа.

Харин орчин үеийн бүжгийн төрлийн тэргүүн байранд Хэнтий аймгийн Норовлин сумын “Мөнгөн долгио 2” хамтлаг, Хоёрдугаар байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын “Дорнын солонго” хамтлаг, Гуравдугаар байрт Хэнтий аймгийн Батноров сумын “Сарны эрх чөлөө” хамтлаг, тусгай байранд Хэнтий Дэлгэрхаан сумын “Гэрэлт-Ирээдүй” хамтлаг,

Үзэгчдийн таашаалд нийцсэн хамтлагаар Дорнод аймгийн Баян-Уул сумын Улзын шигтгээ хамтлаг шалгарсан бол “Ёохор Хатар-2019” наадмын “НЭРЭМЖИТ ЦОМ”-ыг Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын дасгалжуулагч багш, МУГЖ Шагдарын Одонтуяа ардын дуу бүжгийн “Хан Хэнтий Чуулга”-д гардуулан өглөө.

Тус наадмын, дэмжигч байгууллагаар Монголын Буриадын төв холбоо, АДБ-ийн Хан Хэнтий чуулга, Соёлын өвийн төв, Соёл судлалын хүрээлэн, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Буриад судлалын академи, Хэнтий аймгийн Ардчилсан нам оролцсон бөгөөд наадмыг 20 гаруй сая төгрөгийн төсвөөр зохион байгуулж төрөл тус бүрт нэгдүгээр байранд өргөмжлөл, алтан медаль нэг сая төгрөг, хоёрдугаар байранд өргөмжлөл, мөнгөн медаль, 700 мянган төгрөг, гуравдугаар байранд өргөмжлөл, хүрэл медаль, 500 мянган төгрөг, тусгай байранд өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Ерөнхий шүүгчээр Үндэсний урлагийн их театрын Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын дасгалжуулагч багш, МУГЖ Шагдарын Одонтуяа, шүүгчдээр Буриад судлалын төвийн ерөнхийлөгч Л.Оюунцэцэг, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Ш.Эрдэнэцэцэг, Хан Хэнтий чуулгын уран сайхны удирдаач МУСТА Ц.Оюунбаатар, дуучин н.Нямдаваа нар ажиллаж, шүүн тунгаалаа.

Энэ жилийн “ЁОХОР ХАТАР -2019” наадмын хүрээнд Эрдэм шинжилгээний хурал, Буриад бөхийн барилдаан, Буриад сурын харваа, Хатар жороо морьдын уралдаан, сээр цохих, Тойрон хатар хийх, Буриад зоны аялгуу тоглолт зэрэг уламжлалт уралдаан наадмыг хийж наадамд оролцогчдоос гадна 1000 гаруй зочид төлөөлөгчдийг татсан өргөн дэлгэр наадам боллоо.