Ерөнхий танилцуулга
  • 2019.09.24

Байршил:Улаанбаатар хотоос: Зүүн тийш -330 км
Нутаг дэвсгэр: 80.3 мянган хавтгай км2 нутаг дэвсгэртэй
Засаг захиргаа: 18 сум, 5 тосгон, 88 багтай
Нийт хүн ам: 70.2 мянга
Аймгийн төв: Чингис хот
Чингис хотод: 19.3 мянган хүн амьдардаг.

Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймаг нь Монгол Улсын ууган дөрвөн аймгийн нэг бөгөөд Хэнтийн уулархаг нутгийн ихэнхийг эзэлж Хэрлэн , Онон голуудын сав нутагт оршино.

Тус аймаг Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ аймагтай,  хойд талаараа Оросын холбооны улстай хил залгана.

Нутгийн нийт хүн амын дийлэнх хувийг эзлэх Халх, Буриад үндэстний амьдралын хэв маяг, ёс заншил зонхилдог. Урианхай, Казак, Дөрвөд, Баяд, Дарьганга, Хамниган, зэрэг цөөнх ястан бий.

Уур амьсгал :

Аймгийн нийт нутгийн  10%  нь чийглэг, 40% нь бага  зэрэг чийглэг,  50%  нь хуурайвтар уур амьсгалтай. Нийт нутгийн 85%-ийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 11,5%-ийг ой, 0,4%-ийг хот суурин газар эзэлдэг. Далайн түвшнээс дээш 1880-2450 метр өргөгдсөн, Ноён уул, Бага Хэнтий зэрэг сүрлэг сайхан сүмбэр уулс бүхий ойт болон тал хээр хосолсон үзэсгэлэнт сайхан нутагтай.

Амьтан, ургамал:

Хэнтий аймгийн нутаг дэвсгэр нь газрын гадаргын үндсэн хэв шинж, уур амьсгалын нөхцөлтэй уялдсан хөрс, ургамал, амьтны төрөл зүйлээр ялгаатай уулын тайга, уулын ойт хээрийн бүслүүр, хуурай хээр, цөлийн хээрийн бүсэд хуваагдаж ургамал газар зүйн Хэнтий уулын тойрог, Монгол дагуурын ойт хээрийн тойрог,  Дундад халхын хээрийн тойрогт хамаарагддаг нь амьтны аймгийн төрөл, зүйлээр баялаг байх нөхцлийг бүрдүүлсэн.

Хэнтий аймагт сээр нуруутны төлөөлөл болох 376 зүйл, сээр нуруугүйтний төлөөлөл болох 400-аад зүйл нийт 730 гаруй зүйлийн амьтад амьдарч байгааг судлаачид тогтоосон.

Монгол орны Улаан номонд тэмдэглэгдэж устах аюулд ороод байгаа алтайн сонгино, эгэл годис өвс, хар нэрс, ягаан цээнэ, цагаан цээнэ, дөрвөлжин мүгэз,  шивлээхэй зээргэнэ, алтан тэрэлж, өлчир дэгд, сибирь жодоо, эмийн бамбай, монгол хундгана, алтан гагнуур, чачаргана, шаргал лидэр, ацан цахилдаг гэх зэрэг ургамлууд тархан ургаж, байгалийн ургамлын тухай хуулиар батлагдсан даль тэрэлж, дагуур алтаргана, цайвардуу могойн идээ, манжуур заяахай зэрэг нэн ховор, нангиад зээргэнэ, хурган мэхээр, өрөл, жинхэнэ онгол /чага мөөг/, урал чихэр өвс, дэргэвэр жиргэрүү, байгалийн гүүн хөх зэрэг ховор ургамлууд ургадаг.

Рашаан:

Хэнтий аймгийн хэмжээнд судлагдаад байгаа 25 рашаан нь  гол төлөв хээр тал, уулын хээр, ойт хээрийн бүсэд оршдог. Эдгээрийн дотроос эмнэлэгийн чанартай ус, шавар бүхий жижиг нуур 3, халуун рашаан 1, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан 20, шүлтлэг чанартай хүйтэн рашаан 1 байна. Энэхүү рашаануудаар зүрх судасны өвчин, мэдрэлийн зарим өвчин, ходоод гэдэсний зарим архаг үрэвсэл, цусны даралт, арьсны намс, бодисын солилцлын зарим өвчин, үе мөчний өвчин зэргийг тааруулан эмчилж болно.

<iframe src="https://www.youtube.com/embed/s5JzMJLZooY" width="560" height="315" frameborder="0" allowfullscreen="allowfullscreen"></iframe>