Бие том, 1200-1400 мм өндөр, дун цагаан зүстэй. Далавчны үзүүр хар. Нүүр, хошуу, хөл улаан. Эр эмээсээ арай том. Залуу тогоруу улаан туяатай, цагаан өдтэй. Обь мөрний дунд хэсэг, Якутын зүүн хойд нутагт өндөглөж зусдаг. Якутад Яной голоос дорно зүгт Алазе голын хоорондох өргөн уудам нутагт байршдаг шувуу. Монголын нутгийг дайран өнгөрч, зусдаг. Хятадын Хөх мөрний адагт өвөлжинө. Буйр, Тарь нуур, Бүхэгийн голд хавар үзэгдэнэ. 1981, 1988 оны зун Улз голын сав, 1994 онд Өгий нуурт зусаж байжээ. Сүүлийн 5 жилүүдэд Биндэрийн нуур, түүний орчим нутгаар 8-10 толгойгоор зуны улиралд байнга тохиолдох болсон. Монголд IV сарын сүүлч, V сарын эхээр нүүдэллэн ирж, зэлүүд нутагт зусна [8]. Их төлөв эргээрээ зэгстэй, намгархаг нуур болон голын хөндийн өтгөн өвстэй чийглэг нугад тохиолдоно.