Монголчуудын нүүдэлчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, сурталчлан таниулах зорилго бүхий “Талын түмэн адуу” арга хэмжээ арваннэгдүгээр сарын 3,4-ний өдөр түүхэн аялал жуулчлалын бүс болох Хэнтий аймгийн Батноров суманд болно.
БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагын Газрын дэмжлэгтэйгээр Мөнх Харилцаа ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн Талын Түмэн Адуун төвөргөөнд улс, аймгийн зэрэг цолтой уяачид, залуу адуучид авхаалж самбаагаа сорих болно.
Энэ нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, өвөл адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан үлдэх, тухайн орон нутгийн адуучдын авьяас чадварыг алдаршуулах зэрэг чухал ач холбогдолтой юм. Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү энэхүү арга хэмжээнд улс, аймгийн цолтой уяачид, залуу адуучдын 2,000 адуу нэг дор цуглах юм.
Мөн Өвөр Монголын Өөртөө Засах Орноос адуучид дахин ирж оролцох гэж буй нь арга хэмжээний чансааг бататгаж байна.
Хэнтий аймаг нь Монгол Улсын төдийгүй дэлхийн хэмжээний түүхт газар нутаг учир аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, байгалийн адал явдалт аялал, түүх соёлын аяллын төрлүүдийг нэгэн зэрэг хөгжүүлэх боломжтой нутаг юм.
Талын түмэн адуун төвөргөөний хөтөлбөрт:
- Адуучдын Хээрийн цайллага, адуун туувар
- “Торгон тар” богино зайн бооцоот уралдаан
- Нутаг усандаа алдартай хурдан адууны танилцуулга
- Адууны зүс нэршлийн танилцуулга
- Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа
- Морьтон хүүхдийн парад, Хэнтийн Брэнд хүнсний үзэсгэлэн худалдаа
- Уран уургач шалгаруулах “Шургуу 2018” тэмцээн
- Эмнэг булгиулах тэмцээн
- Малчдын өвөлжөөтэй танилцах аялал
- Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт
- Тожил хийцийн адууны тоноглол, дархан урлалын үзэсгэлэн
- Талын түмэн адуу фото зургийн үзэсгэлэн
- Баяр наадмын зочдод зориулсан урлагийн тоглолт зэрэг багтжээ.