Хан хэнтий дархан цаазат газар
  • Nature's beauty

Хан Хэнтийн дархан цаазат газар нь Монгол орны зүүн хойд хэсэгт Хэнтийн нурууны төв хэсгийн өргөн уудам нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр цэг нь Хэнтийн нурууны ноён оргил болох Асралтхайрхан уул  бөгөөд далайн төвшнөөс дээш 2799.3 метр. Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө зэрэг сумдын нутгийг хамран оршдог. Хан Хэнтийн дархан цаазат газар нь байгалийн мужийн төлөөллөөр Хэнтийн мужийн, төв хэсгийн Тайга, ян сарьдгийн дэд муж, зүүн хэсгийн ойт хээр, умард хуурай хээрийн дэд мужид хамрагдана. Хэнтийн тайга бол Төв Ази, Сибирийн ой, хөвчийн өмнө шувтарга, байгаль цаг уурын онцлог нөхцөлд бүрэлдэн бий болжээ.

Хангай Хөвсгөлийн уулсын бүсийг бодвол гадаргын харьцангуй нам түвшинд үүсч тогтворжсон, уулын хажуугийн байдал нь төв хэсгээсээ төдий л ялгардаггүй, Монголын ой бүхий бусад нутгаас нилээд өвөрмөц, цэвэр тайгын бүс бүхий газар билээ. Хэнтийн нуруу хавтгайдуу бөмбөгөр оройтой. Зүг бүр тийш эх аван урсах голуудын хөндий хосолсон дүр төрхтэй уулархаг нутаг юм. Уул нурууд нь харьцангуй намхан бөгөөд хамгийн өндөр оргилууд нь 2500-2600 метр хүрнэ. Хэнтийн нурууны гол чиглэл нь зүүн хойноос баруун урагш чиглэн орших боловч салбар уулс нь өргөрөг дагаж баруун урдаас зүүн хойш сунаж оршино. Тэдгээрийн дотор баруун тийш салбарласан Бага Хэнтий, зүүн тийш салбарласан Их Хэнтийн нуруу юм. Нийт талбайн 82%-д нь улирлын ба олон жилийн цэвдэгт ул хөрс тархжээ. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Туул, Хараа, Ерөө, Минж, Захар, Шороот, Онон, Эг, Хэрлэн томоохон голууд, тэдгээрийн цутгал олон жижиг голууд эх аван урсах бөгөөд нэг хэсэг нь Хойд мөсөн далайн ай савд, нөгөө хэсэг нь Номхон далайн ай савд багтана. Мөн цэнгэг уст нуурууд элбэг байдаг. Хан Хэнтийд нэрд гарсан Онон, Естийн, Тарс, Минж, Ерөө, Зуу, Гутай, Барх, Бүс нуур, Галттай, Бурх зэрэг олон тооны анагаах увьдастай халуун хүйтэн рашаан ус бий.