ХЭНТИЙ АЙМГИЙН МУЗЕЙН ТАНИЛЦУУЛГА
  • 2020.04.15

Хэнтий аймгийн музей нь 1949 онд “Орон нутгийг судлах кабинет” нэртэйгээр анх байгуулагдсан. 1971 оноос “Орон нутаг судлах музей”, 1984 оноос Халхын Сэцэн хануудын амьдарч байсан зуны ордноос үлдсэн 5 барилгыг сэргээн засварлаж угсаатны зүйн музей болгон өргөжүүлснээр Орон нутаг судлах музей, Угсаатны зүйн музей болон салбарлаж хоёр тусдаа байранд үйл ажиллагаагаа явуулах болсон.

Музейн цуглуулгад Хан Хэнтий нутгийн ард түмний түүх, соёл, зан заншил, орон нутгийн онцлогийг харуулсан 2000 гаруй үзмэртэй, жилд гадаад болон дотоодын 5000-6000 хүнд үйлчлэн ажилладаг.

ОРОН НУТАГ СУДЛАХ МУЗЕЙ

Орон нутаг судлах музейн цуглуулгад  Хэнтий аймгийн ашигт малтмалын дээжис, ан амьтан, жигүүртэн шувуудын чихмэл, солир, чулуужсан мод, савагт хирсны яс, Хан Хэнтий нутгаас төрөн гарсан алдартнуудын намтар түүх, алдарт зураачдын зурсан уран зургуудаас бүрдсэн ховор нандин дурсгалаар төрөлжин үзүүлэгийн танхимтай ажиллаж байна.

СЭЦЭН ХАНЫ ОРДОН МУЗЕЙ

Түүхэнд буурал амбан гэж авгайлагддаг Сэцэн хан Артсэд Төргэрэлтийн 8-р он буюу 1828 онд аймгийн ханы нэрээр Сэцэн ханы өргөө “Алтан жан” хэмээх хөх тоосгон суудлын байшин, хэрэм, янпайчийга зэрэг хэд хэдэн барилга сүмийг бариулсан бөгөөд тэдгээр барилга байгууламжаас өдгөө хадгалагдан үлдсэн 5 сүмийг 1982 оноос сэргээн засварлан 1984 онд  “Угсаатан зүйн музей” болгон үйл ажиллагаа явуулж ирсэн. 

Музейн үзүүлэгийн танхимд Чулуун зэвсгийн болон Хүрэл зэвсгийн үеийн түүвэр олдвор, Хүннү, Түрэг, Монголын эзэнт гүрэн, XVII-XVIII зууны үед холбогдох үнэт дурсгал, Халхын Сэцэн хан аймгийн угсаа залгамжилсан Сэцэн хангуудын эдэлж хэрэглэж байсан үнэт ховор эд зүйлс, Монголын хосгүй үнэт үзмэр болох Халхын Сэцэн ханы тамга, хайрцагны хамт, Халх даяар алдартай хурдан хүлгүүдийг бий болгосон Хардэл жанжин бэйс, хүлэг шинжээч, Өвгөн ноён М.Пүрэвжавын хэрэглэж байсан эд зүйлс, түүний хялгасан бийрээр зурж үлдээсэн хурдан хүлгүүдийн зураг, ХХ зууны алдарт уран дархан Тожилын хийцийн эд зүйлс, тус аймагт оршин суудаг Халх, Буриад, Хамниган угсаатны ахуй соёлыг харуулсан угсаатны зүйн үзмэрүүд, буддын шашны эд зүйлс, Халх бөөгийн хэрэглэл, үнэт ховор судар ном, бурхад зэрэг түүх, соёлын дахин давтагдашгүй дурсгал байдаг.