СЭЦЭНХАНЫ ХҮРЭЭ ГҮНДҮГАВАРЛИН ХИЙД
  • 2020.04.23

Чингис хааны алтан ураг Халхын Махасамади Далай Сэцэнхан Шолойн санаачилгаар 1660 оны Цагаан хулгана жил байгуулагдсан уг хийдийг "Алтан ургийн хийд", "Сэцэн хан аймгийн хамгийн анхны хийд" хэмээн нэрлэдэг. Түүнчлэн 1751 онд Ренчин Тавхайдорж хэмээх эрдэмт хүмүүн буддын гүн ухаан болох Халх Монголын Анхны чойр дацан сургуулийг Сэцэнханы хүрээ Гүндүгаварлин хийдэд үүсгэн байгуулсан түүхтэй. Буддын гүн ухаан судлал энэ хийдээс эхэлсэн тухай Рашааны лам хэмээн алдаршсан Нанзадаграмбын бичсэн түүхэн бичвэрт тодорхой бий аж. Халхын "Таван агуу" гэж алдар нь дуурссан таван ламын хоёр нь буюу Тунгалагцорж гэж алдаршсан Агваанбалдан, Бичээч цорж гэж алдаршсан Агваанбалдан нар энэ хийдэд байв. Түүнчлэн сүүлчийн Сэцэнхан Ц.Навааннэрэн, Монголын хөгжмийн нэрт зохиолч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав нар дээрх хийдэд шавилан суудаг байжээ.
1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед хийдийн хурал ном хаагдсан хэдий ч Маршал Х.Чойбалсан "Энэхүү нэн эртний түүхтэй Сэцэнханы хүрээг нурааж болохгүй" гэж зааварласны дагуу 1955 он хүртэл барилга байгууламж нь хэвээр хадгалагдаж байгаад үүнээс хойш байшин барилга нь тоногдож хэдхэн туурь л үлдсэн. 1990 оноос хойш сүсэгтэн олон, лам нарын санаачилгаар хурал ном нь сэргэж "Гүндүгаварлин" буюу "Хотлыг баясгагч", "Баяслыг бадруулагч" хэмээх хийд тасралтгүй бурхан номын үйлээ үргэлжлүүлсээр байна.
Тус Хийдийг сэргээхэд Хэнтий аймгийн музей нь 1000 гаруй ширхэг үзмэр бүтээл, бурхан, шашны эд зүйлээ өгсөн байдаг.