Ургамал, амьтан
Хандгай
  • 2019.09.13
Монгол Улсын төдийгүй дэлхийн бусад орны “Улаан ном”-ын нэн ховор зүйлд багтаж, устах аюул нүүрлээд буй амьтдын нэг нь хандгай юм. Дэлхий дээр Англи, Хойд Америкийн “Moose”, Англи, Евро Азийн “eLk Euroasian eLk”гэх төрлийн зүйл байдаг. Хандгайг дотор нь 6-7 дэд зүйлд хуваадаг

Монгол Улсын төдийгүй дэлхийн бусад орны “Улаан ном”-ын нэн ховор зүйлд багтаж, устах аюул нүүрлээд буй амьтдын нэг нь хандгай юм. Дэлхий дээр Англи, Хойд Америкийн “Moose”, Англи, Евро Азийн “eLk Euroasian eLk”гэх төрлийн зүйл байдаг. Хандгайг дотор нь 6-7 дэд зүйлд хуваадаг. Хамгийн хүчирхэг том бие, эвэртэй нь Аляскийн хандгай юм. Манай оронд шивэр хандгай буюу Сибирский лось, Хар мөрний хандгай буюу уссурийский лось гэсэн хоёр зүйл бий. Хар мөрний хандгайн зүйл нь Монгол орны зүүн хэсэгт Их Хянганы салбар уулс, Халх Нөмрөгийн Дархан цаазат газарт 2004 онд 73 тоо толгой тоологдсон байна. Харин шивэр молцог хандгай Монгол орны Хэнтий, Хөвсгөлийн тайга, Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голын ай саваар мөн Далбай голуудын сав, Хангайн нуруудын хойд хэсэг болох Бүтээлийн нуруу, Бүрэнгийн нурууны зүүн хэсэг газруудад, Хөвсгөл аймгийн Рэнчинлхvмбэ, Улаан уул, Цагаан vvр, Чандмань-Өндөр сумын нутагт тархан суурьшдаг. Дэлхийд Канад, АНУ, Норвеги, Чех, Словак, Хорват, Швед, Польш, Унгар, Финлянд, Румын, Латви, Литва, Эстони, Украин, Беларусь, ОХУ, Казахстан, БНХАУ, Монгол Улсад тархжээ. Хангайн нурууны хойд хэсгийн Бүтээлийн нуруу, Бүрэнгийн нурууны зүүн хэсгээр хандгайтай хэмээн амьтан судлаач, сонирхогчид ярьж байна. Хандгай нь туруутны багийн бугынхан овогт багтдаг. Нүсэр бие, асар том эвэртэй энэ амьтан хамгийн аглаг, өндөр, буйд хөвчийн ууланд голдуу байх бөгөөд голдуу ганцаараа явна. Хандгайн эрийг манж, эмийг нь сүндэс, төлийг нь хотол, хоёр настайг нь хохь, гурван настайг нь тозуул гэдэг.

 

БИЕИЙН ОНЦЛОГ

 

Хандгай, хар халтар, халиун, бор халтар зүстэй, хөлийн хэсэг нь бор саарал байна.Хүзүүндээ хос молцогтой. Эр хандгай омлуур дороо уртавтар зогдор, сэрвээн дээгүүрээ урт үстэй. Биеийг нь нарийн сайн дүрсэлбэл сэрвээ талаараа төвгөр, нуруу хотгор, зоо нуруу нь төвгөр, чихний хойгуур аман хүзүүгээрээ хотгор байна. Хэдийгээр болхи том биетэй боловч үргэж хулжин зугтахдаа маш сайн. Цагт 55 км хүртэл хатирдаг. Нэгэнт зугтан хөдөлбөл ойр зуур тогтохгүй бүр алслан оддог байна. Монгол орны хамгийн том амьтан болох хандгайн биеийн урт нь 2-3 метр, сэрвээний өндөр 2.4 метр хүрдэг бөгөөд амьдын жин 300-500 кг хүрдэг ажээ. Тэр дундаа манж данхгар толгой, сүрлэг том эврээрээ гойд ялгардаг. Манжийн эвэр гуравдугаар сараас ургаж долдугаар сарын сvvлчээр ясжиж гvйцэх бөгөөд арваннэг, арванхоёрдугаар сард унадаг байна. Ясан эврийн жин нь 10-26 кг хүрдэг аж. Хандгайн талаар амьтан судлаач сонирхогчдын групп, анчдын хууч яриа олон байх ажээ. Нэгэн анчин “Хандгайн эврээр айлд сандал хийгээд тавьсан байхыг харaхад дээр нь 6-7 хүн суухаар том байж билээ” хэмээн хуучилсан байна. Манжийн гавлын овгороос уруулын үзүүр хүртэл хэмжилт хийхэд 69 см, бүдүүн хүзүүний угаар 81 см, нарийн хүзүүгээр 48 см, сэрвээний товгороос сүүлийн уг хүртэл метр 81 см, сүүл 16 см байсан талаар мөн нэгэн өвгөн анчин дурджээ.

 

Дайснаас биеэ хамгаалах гол зэвсэг нь далбагар том эвэр болоод хүчит дөрвөн туурай нь юм. Ямар нэгэн амьтан руу довтлохдоо мөргөх, цавчих, тийрэх хөдөлгөөн хийдэг. Хандгайн ийм дайралтад өртвөл хүн битгий хэл хөвчийн хүрэн баавгай ч амьд гардаггүй гэлцдэг. Сибирийн тайгад ийм нэгэн явдал болжээ. Ороо нь орсон манж руу ойн баавгай дайрчээ. Гэтэл хандгай нүсэр эврээрээ баавгайг аварга том хуш модтой нэвт хадчихсан байна. Баавгайн бие бараг хоёр хэсэг хуваагдсан бөгөөд дайралтад өртсөн хуш модонд онги татсан хэдэн том гүн зураас үлдсэн байжээ. Ийм ч учраас хулгайн анчид хандгайн дайралтаас ихэд болгоомжлох бөгөөд туршлагагүй зарим нь хүчит цавчилтад нь өртөн амь үрэгдсэн тохиолдол ч их гарч байжээ.

 

ҮРЖИЛ, ХООЛ ТЭЖЭЭЛ, АМЬДРАЛЫН ОНЦЛОГ

 

Энэхүү амьтан нь байгальд 10-12, зохиомол орчинд 20-22 насладаг аж. Эр, эм хандгайн аль аль нь хоёр насандаа үржлийн чадвартай болсон байх бөгөөд 4-5 насандаа биеийн өсөлт гүйцдэг. Орооны цаг нь есдүгээр сараас нэгдүгээр сар хүртэл үргэлжилж эм хандгай есөн сар хээлээ тээгээд хавар тав, зургадугаар сард төллөдөг. Залуу сүндэс эхний жилдээ нэг, хөгшин сүндэс ихэр, хааяа гурван ходол гаргана. Нялх ходол 10-12 минутын дараа хөл дээрээ тэнцдэг байна. Хандгайн сүү үхрийн сүүнээс тав дахин их буюу 12-16 хувийн тослог уурагтай.

 

Хандгайн уруул уян хатан хөдөлгөөнтэй болж доод уруулыг нь давж унжсан байдаг нь улиас, бургас зэрэг модлог ургамлын мөчир, нахиаг тасалж идэхэд зохицсонтой холбоотой. Гол хоол тэжээл нь алирс, будаан, сөөгөн хус, бургас зэрэг ургамал юм. Оросын эрдэмтдийн судалгаагаар хандгай нь 149 төрлийн ургамлаар хооллодог байна.

 

Зөвхөн минж хандгай нь том хавтгай, орой хэсгээрээ олон салаалсан эвэртэй бөгөөд багалзуур орчим том арьсан унжлага молцогтой. Хар мөрний молцог хандгай нь шивэр молцог хандгайтай биеэр ойролцоо боловч том хавтгай эврийн салаанууд нь богино бөөрөнхийдүү хэлбэртэй байна. Тэр утгаараа 1990-ээд оныг хүртэл Хар мөрний хандгайг бугын эрлийз хэмээн буган хандгай гэж нэрлэж байв. Болхи баараг биетэй, данхгар том толгойтой ч энэ амьтан усанд сайн сэлэхдээ минжнээс дутахгүй. Томоохон гол, нуурыг торох юмгүй сэлэн гатлах бөгөөд урин дулаан зун, намрын цагт биеэ бүхэлд нь далд ортол усанд орох дуртай гэнэ. Нууранд өдөржин өнжихдөө ёроолын болон хөвөгч ургамлаар хооллодог. Хандгайн гол дайсан нь чоно, баавгай, шилүүс бөгөөд нохой зээх хааяа нялх ходолд халддаг.

 

Бэлчээр, идээшил нутаг нь халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг амьтадтай давхацдаг тул идэх хоол, уух уснаасаа эхлүүлэн өрсөлдөх асуудал байнга гарна. Тэр бүхэнд манж л зүтгэж бодол сэтгэлээ чилээж нялх ходол, томоогүй тохь, тоомжиргүй тозуул, эрх сүндэс зэрэг бүл сүргээ чоно, баавгайн дайралтаас хамгаалах, хөвч тайгадаа амар жимэр амьдрах, нүүдэл суудал хийх гээд бүх ачааг нуруундаа үүрнэ. Түүнчлэн хандгай хүйтнийг тэсвэрлэхдээ тун сайн. Өвлийн их цас унасан цагт дээшээ огшин байрлаж амьдрах дуртай.

 

Хүглэгэр сайхан биетэйгээ адил их бодь, хэнэггүй амьтан аж. Тэр бүр юмнаас цочиж үргээд байхгүй, “юу л болоо аж” гэсэн байдлаар алс дээгүүр харж явдаг. Аливаа юмыг сайн таньж байж хөдлөн зугтана. Тухайлбал, хүн түүнийг гэнэт харчихаад хөдлөхгүй зогсвол, тэр ч учрыг нь олтлоо хөдлөлгүй зогсдог зантай юм. Мөн гэр, фермд тэжээхэд амархан дасдаг бөгөөд нэгэнт дасчихвал туйлын эрх амьтан хэмээн амьтан сонирхогчид бичжээ.

 

Хэдийгээр нэн ховордоод байгаа хэдий ч шунаг сэтгэлтэй хулгайн анчид, хууль бус наймаачид эл амьтанг агнасан хэвээр байна. Аль 1953 оноос хуулиар агнахыг хориглосон ч анчид түүний олон зүйлийг нь авахын тулд алдаг. Хандгайн арьсаар нь хөм хийдэг бол үсээр нь нарийн бийрийн үс хийнэ. Хөлийнх нь арьсаар урт түрийтэй, бат бөх ангийн гутал хийж өмсөх явдал хангай хөвчийн анчдын дунд нэлээд дэлгэрч байжээ. Хандгайн мах амтаар шилдэг сайнд орох бөгөөд ямар ч хоолонд хэрэглэж болдог аж. Харин уруулынх нь мах хонины хэлтэй адил маш сайхан амттай гэлцэх бөгөөд урьд хаад ноёдын зоогт тэргүүн зэргийн хоол болдог байжээ.

 

Намрын цагт, нэн ялангуяа наймдугаар сард тарга тэвээрэг хамгийн сайн байна. Эвэр нь бугын эврээс тэс өөр бөгөөд салаа бүхэн нь үргэлжилсэн хавтгай байна.Эврийг нь бугын эвэр шиг тийм өргөн дэлгэр хэрэглэхгүй ч эврийн ясаар нь сумны болцуу хийдэг юм.

 

Хандгай мөн бугын адил марцанд орно (Марц гэдэг нь хужирлаг шороотой эрэглэсэн хэсэг газрын нэр). Хандгай хавар, намрын цагт намаг дор газар байх дуртай. Гэхдээ дан ус цөөрмийг дагана. Хуучны хашир анчид шархадсан хандгайн хойноос хөөх хэрэггүй гэж захидаг байжээ. Хэрэв аргагүй хөөх хэрэг тохиолдвол мөрдөн хөөж болохгүй мөрийг орхиж, холуур тагнан хайх хэрэгтэй.Учир нь тэр амьтан мөрөө дүгрэглэн эргэж, ирсэн замын ойр мөрдөн ирэх хүнийг тосно гэдэг билээ. Мөн тэрбээр буудуулж шархадвал хоёр км гаруй газар төвөггүйхэн давхих бөгөөд, бүх цус нь толгой, эвэр рүү нь юүлэгдэж үхдэг гэлцдэг.

 

Анчдын хууч яриа болон амьтдын сонин хачин ярианд хандгай үхэр болон морь зэрэг амьтадтай дотносон нөхөрлөх, найзлах, бие биенээ хамгаалан амьдарч байсан тохиолдол их байдаг аж.

 

Хандгай устаж болзошгүй “A 2 cd” болон “a 3 d” зэрэглэлд багтах бөгөөд Монголд 1953 оноос агнахыг хуулиар хориглож, хоёр салбар зүйлийг нэн ховор зэрэглэлд бүртгэн хамгаалсан. Монгол Улсын Улаан номын хоёр удаагийн хэвлэлд нэн ховор зэрэглэлээр бүртгэгдсэн. Хандгайн тархац нутгийн 30 орчим хувь, Хар мөрний молцог хандгайн бүх тархац нутаг нь Нөмрөгийн Дархан цаазат газарт орж, хамгаалж байна.