Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн “Эрдэнэсийн” өвд хадгалагдаж байгаа “Сундуйн жүд” хэмээх ном юм. “Сундуйн жүд” буюу “Нууцын хураангуй” хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргийн зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. “Сундуйн жүд” хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ.