Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг. Хэрлэн мөрөн Хэнтий ханаас эх авч урсаад зүүн тийш эргэсэн их тохойд оршино. Зүүн талаараа Цэнхэрийн гол, хойд талаараа Ар цэнхэрийн ус / Сэнгүр горхи / – оор хязгаарлагдсан 4000 орчим ам дөрвөлжин км нутгийг эзэлсэн уул тал хөндий хосолсон хээрийн бүс нутаг.
Энэ нутгийн ихэнх нь Дэлгэрхаан сумын нутагт байгаа бөгөөд 1962, 1998 онд Улсын нөөц газар болгожээ. Хэрлэнгийн хөдөө аралд Монголын нууц товчоо бичигдэж дууссан учир 750 жилийн ойгоор Чингисийн номын гэрэлт хөшөөг босгосон. Хэрлэнгийн Хөдөө арал бол монгол төрийн голомт нутаг бөгөөд энд үе үеийн хаад хаан ширээнээ заларч, удаа дараа Их хуралдай чуулж төрийн хэргийг хэлэлцэн, хааны их орд, монголын анхны нийслэл, хожим хаадын онгон шүтээний төв удаан хугацаагаар төвлөрч байсан юм. Энд одоо улс аймаг, орон нутгийн хамгаалалтанд албан ёсоор орсон 10 гаруй дурсгалт газар бий.
Монголын анхны нийслэл их “Аураг” хотын балгас, нууц товчооны 750 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө зэрэг биет дурсгал байхаас гадна Монголын бүх цэргийн хар сүлд энэ нутагт бүтээгдэн залагдсан, алтан ургийн томоохон хаадууд хаан ширээнд суусан, Хулан хатан, Тулуй эзэн, Өндөр гэгээн Занабазар зэрэг түүхэн хүмүүстэй холбоотой газар нутаг, уул ус олон байдгаас гадна нууц товчоо болон бусад сурвалж бичиг, ардын аман домог яриа зэрэгт тэмдэглэгдэн хадгалагдаж үлдсэн Арван гурвын овоо, Долоон болдог, Шилхэнцэг, Аураг, Ацаагийн хад, Цоож чулуу, Ар өвөр хүйтэн, Чингисийн зам, Гүүн зэл, Далту ам, Сайр хээр, Харилд нуур, Хөдөө бүрд, гүн бүрд, Сэнгүр горхи, Хэрлэн гол, Гуа дов, Бөөгийн хэвтэш, Цэнхэр ус, Ухаа хаяа, Тугийн хоёр цохио, Тангарагийн улаан чулуу, Улаан булш, Булшит дэрс, Хар тал, Хөх нуур, Хүннүгийн дарлага, Таван зэрэг олон арван газар усны нэр түүх, домог болон өнөөг хүртэл уламжлагдан иржээ.